Улсын их хурал

Сонгуулийн урьдчилсан дүнг СЕХ өөрийн байранд дэлгэцээр шууд харуулна

А.Сэвжид
2016-06-28 03:29

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн УИХ болон Нийслэл, Аймгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад болсон бөгөөд нийт 339 хороо байгуулагдаж, 20 гаруй мянган төрийн албан хаагчид ажиллаж байгаа аж. Түүнчлэн энэ удаа бүх санал хураалт автоматжуулсан системээр явах болсныг хэллээ. Техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангахаар мэдээлэл технологийн 31-н баг, 144 гишүүн, 2371 даамал болон 2300 иргэний бүртгэлд мэргэшсэн ажилтан ажиллахаар болсон.

Мөн цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнууд сонгуулийн үйл явцын аюулгүй байдлыг хангаж ажиллахаар бэлэн байдалд байгаа. Мөн 1 912 901 иргэний нэр сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар санал хураах автомат машинуудыг мэргэжлийн байгууллагын шалгалтаар оруулан бүх санал авах байруудад хүргэж бэлэн байдлыг хангасан. Түүнчлэн сонгуулийг ажиглахаар болон сурвалжлахаар гадаадын 50 гаруй улсаас төлөөлөгчид ирээд байгаа аж. Мөн сонгуулийн санал хураалтыг явуулахдаа зөвхөн хурууны хээгээр бүртгэх тул ямарваа нэгэн сонгогчийн үнэмлэх хэрэггүй” гэдгийг анхаарууллаа.

Харин ҮСХ-ны дарга С.Мэндсайхан  “2016 оны 2 сарын 1-ны байдлаар сонгуулийн насны иргэдийн жагсаалтыг гаргаж 6 сарын 03-ны өдөр бэлэн болгосон. Сонгуулийн насны иргэн гэдэг нь 6 сарын 29-ны өдөр гэхэд 18 нас хүрсэн Монгол улсын иргэнийг хэлнэ. Харин сонгогчийн нэрсний жагсаалт гэдэг нь шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, оршин суугаа хаягийн бүртгэлтэй, эрх зүйн чадамжтай байх гэсэн үндсэн нэмэлт шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Түүнчлэн 6 сарын 18-ны 00:00 цагийн байдлаар шилжилт хөдөлгөөн эцэслэгдэж 21999 хүн шилжих хүсэлтээ гаргасан байна.

Ер нь сонгуулийн хуулийн дагуу сонгогч өөр газар руу шилжиж саналаа өгч болох зохицуулалт хуулинд байгаа. Үүний дагуу бүртгэлээс харвал Архангай аймагт 1341 сонгогч, Баянхонгор аймагт 2261 сонгогч, Увс аймагт 3300 сонгогч, Хөвсгөл аймагт 2985 сонгогч нэмэгдэж ирсэн мэдээлэл байна. Үүнийг тойргоор нь авч үзвэл Баянхонгор аймгийн 9-р тойрог дээр 1909 сонгогч нэмэгдсэн бол Увс аймгийн 31-р тойрогт гэхэд 2778 сонгогч, Хөвсгөл аймгийн 37-р тойрогт 1192 сонгогч, 39-р тойрогт 1778 сонгогч нэмэгдсэн  дүн мэдээлэл гарсан” гэв.
Түүнчлэн санал хураалтын үеэр ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороо маргааш өдрийн 12:00, 17:00, 22:00 цагуудад авахаар болсон байна. Харин урьдчилсан дүнг СЕХ өөрийн байрандаа байршуулсан дэлгэцээр тойрог, тойргоор нь шууд харуулна гэдгийг энэ үеэр хэллээ.