Дэлхийд

Японы элчин сайдын яамнаас: Дадлагажигч илгээх тухай ярихад эрт байна

trends.mn
2016-06-19 03:22

Япон улс руу олон тооны дадлагажигч ажилтан илгээх, өндөр цалинтай ажиллуулах тухай мэдээлэл тархаж байгаатай холбоотойгоор дараах мэдээллийг Япон улсын элчин сайдын яамнаас өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлжээ. Мэдээлэлд гадаад орнуудаас дадлагажигч авах тухай хуулийн төсөл дөнгөж хэлэлцүүлгийн шатандаа байгаа тухай дурдаад Монгол Японы хувьд хөдөлмөр эрхлэлтийн салбарт хамтран ажиллах санамж бичиг зурсан, үүнд хэзээ хэрхэн хэдэн ажилчин авах тухай тусгагдаагүй ерөнхий баримт бичиг болох тухай дурджээ. 

 

Япон улсад дадлагажигч гаргах тухай товч тайлбар


2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр


    Сүүлийн үед Япон улсад дадлагажигч гаргах талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цөөнгүй мэдээлэл гарах боллоо. Ингэхдээ 10 мянга, 100 мянган дадлагажигч илгээнэ, өндөр цалинтай ажиллуулна хэмээн дурдсан байна. Үүнтэй холбогдуулан тус Элчин сайдын яаманд иргэдийн зүгээс санал хүсэлт, асуулт тогтмол ирсээр байна.


    Иймд, бодит байдал ямар байгаа тухай товч мэдээллийг нийтэд хүргэх шаардлагатай гэж үзлээ.


    Япон улсад гадаадын дадлагажигч хүлээж авах тухай хуулийн төсөл Японы парламентад өргөн баригдсан бөгөөд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон билээ. Ирэх намрын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа хэдий ч уг хуулийн төслийн талаар нийгэмд янз бүрийн үзэл санаа, зөрчилдөөн байгаа тул хэзээ батлагдах нь тодорхойгүй байгаа. Харин уг хууль парламентаар батлагдсан тохиолдолд Японд дадлагажигч илгээх сонирхол бүхий улс орнуудтай яриа хэлэлцээ өрнүүлж гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах ажил хийгдэх бөгөөд үүний дараа л тодорхой тоо, чиглэл, нөхцөл болзлын тухай яригдах учиртай. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар Японд илгээх дадлагажигчдын тоо, цалин хөлс, холбогдох бусад асуудлаар ярих нь эрт байна.


    Энэ сарын эхээр УИХ-ын даргын Япон улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр тал хөдөлмөр эрхлэлтийн салбарт явуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Гэхдээ энэхүү санамж бичиг нь аливаа тоо, нөхцөл, болзол агуулаагүй, аль нэг талдаа тодорхой үүрэг хариуцлага үүрүүлээгүй, ерөнхий агуулга бүхий баримт бичиг юм. Санамж бичгийн англи хэлээр үйлдэгдсэн эх хувийг Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныhttp://www.mhlw.go.jp/file/04-Houdouhappyou-10501000-Daijinkanboukokusaika-Kokusaika/0000045844_4.pdf линкээр үзэж болно.



   Япон улсын Засгийн газрын зүгээс монгол иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын орчинг сайжруулах, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэх зэрэгт ямагт анхаарч ирсэн бөгөөд цаашид ч тодорхой ажлуудыг хийх болно. Дээр дурдсан дадлагажигч гаргах асуудал ч үүнд хамаарч байгаа билээ. Иймд иргэд та бүхэн элдэв ташаа мэдээлэлд авталгүй, асуудал шийдэгдэн тодорхой болтол аливаа яарсан алхам хийхгүй байх нь зүйтэй болов уу.