Нийгэм

400 багшийг 462 сая төгрөгөөр урамшууллаа

А.Сэвжид
2016-06-10 01:34

“Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх”, “Тэргүүний тохижилт үйлчилгээтэй сургууль, цэцэрлэг”-ийг шалгаруулах уралдаанд тэргүүлсэн сургууль, цэцэрлэг, шилдэг багш нарт урамшуулал олгох ёслолын үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, эрдэмтэн багш нар, иргэд оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хуран цугласан Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Сурган хүмүүжүүлэх ажил үйлсдээ амжилт гаргасан нийт багш нартаа нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Нийслэлийн Засаг даргаар томилогдоод хамгийн түрүүнд багш нарын ажил үйлсийг үнэлж, үр бүтээмж, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх журмыг боловсруулж, нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлсэн. Бидний үр хүүхдийг эрдэм номтой хүн болгохын төлөө бүхий л чадлаа дайчлан ажилладаг Та бүхнийхээ төлөө цаашид олон зүйл хийх болно” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарыг ажлын индексээр нь үнэлж магадлах ажлыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Нийт 4168 багшийн үнэлгээ ирснээс 80 ба түүнээс дээш үнэлэгдсэн 2475 багшийг дүгнэв. Үүнээс сургуулийн өмнөх боловсролын 123, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 168, дунд болон ахлах ангийн 372 багш нийтдээ 663 багшийн заадаг ангийн сурагчдаас түвшин тогтоох шалгалт авч, багшийн мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн байдлыг магадлан үнэллээ.

Бага боловсрол төгсөгчдийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг сайжруулсан багшийн ажлыг бодитой үнэлэх зорилгоор төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 05 дугаар ангийн чанарын шалгалт, “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” 3,4 дүгээр ангийн монгол хэлний олимпиадыг 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 05 сарын 17-ны өдрүүдэд гурван үе шаттай явууллаа. Чанарын шаардлагад шалгарсан 44 ангийн багш, “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” 3-4 дүгээр ангийн монгол хэлний олимпиадад шалгарсан 3 дугаар ангийн 25 багш, 4 дүгээр ангийн 31 багш, сургалтын чанар хүртээмжийн үр дүнгийн индексээрээ шалгарсан мэргэжлийн 300 багш нийт 400 багшийг нийслэлийн Засаг даргын захирамжаар 462 сая төгрөгөөр урамшууллаа.  

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын суралцах орчин, цэцэрлэгийн насны хүүхдийн хөгжих ая тухтай орчныг бүрдүүлж, боловсролын үйлчилгээг сайжруулсан 20 сургууль, 20 цэцэрлэгт 38 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна.