Засгийн газар

Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

А.Сэвжид
2016-06-08 01:19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд үүрэг болголоо.

Улс орны хөгжлийн чиг баримжаа, эдийн засгийн салбаруудын өсөлтийн хандлага, техник, технологийн дэвшил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцэхүйц мэдлэг, ур чадвар, төлөвшилтэй мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх зорилт тавигдаж байна. Нийгмийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх,  мэргэжлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх, чанарын баталгаажуулалт, байгууллагын менежмент засаглалыг сайжруулах зорилгоор мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын зохистой түншлэл өргөжиж ажил олгогчийн захиалгат сургалт, элсэлт нэмэгдэж, мэргэжлийн болон техникийн боловсролын нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Мэргэжлийн түвшний үндэсний тогтолцоог төлөвшүүлснээр мэргэжилтэй ажилтны ур чадварыг бодитой үнэлэх, мэргэжлээрээ өсч дэвших, ур чадвартай уялдсан цалин хөлс авах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үндэсний хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлнэ.