Засгийн газар

Ерөнхий сайд сансрын баатруудад хүндэтгэл үзүүлэв

А.Сэвжид
2016-05-30 08:41

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай оронд зочилж байгаа ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, нисэх хүчний хошууч генерал А.А.Леонов, ОХУ-ын сансрын нисэгч, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, хошууч генерал В.А. Жанибеков, Унгарын анхны сансрын нисэгч, Унгар Улсын баатар, ОХУ-ын баатар, хошууч генерал Берталан Фаркаш нарыг өнөөдөр (2016.5.30) Төрийн ордонд хүндэтгэн хүлээн авч уулзлаа.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов, Улаанбаатар дахь Унгарын Элчин сайдын яамны төлөөлөл, Монголын сансрын нисэгчид Ж.Гүррагчаа, М.Ганзориг нар уулзалтад байлцав.

Энэ жил Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол, Оросын хамтарсан сансрын нислэгийн 35 жилийн түүхт ой тохиож буйг Ерөнхий сайд онцлоод Монгол Улс, манай ард түмэн сансрын баатруудад цаг ямагт хүндэтгэлтэй хандаж ирснийг тэмдэглэв.

Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай хамт ниссэн “Союз-39” хөлгийн дарга В.А.Жанибеков  манай оронд   арван тав дахь  удаагаа зочилж байгаа бол 1960 онд ОХУ-ын сансрын нисэгчдийн анхны отрядад Юрий Гагаринтай цуг орж, 1965 онд “Восход-2” хөлгөөр хөөрч задгай сансарт гарсан анхны нисэгч А.А.Леонов  2 дахь удаагаа, 1980 онд ОХУ-ын сансрын нисэгч В.Н.Кубасовтой “Союз-36” хөлгөөр хөөрч сансарт 7 хоног ажилласан Унгарын нисэгч Берталан Фаркаш Улаанбаатарт анх удаа хүрэлцэн иржээ.

Сонирхолтой нь ОХУ-ын сансрын нисэгч Алексей Леонов төрсөн  өдрөө өнөөдөр Улаанбаатарт тэмдэглэж буй бол Унгарын  сансрын нисэгч Берталан Фаркаш 36 жилийн тэртээх  яг энэ өдөр сансрын уудамд аялж явжээ.

Ерөнхий сайд уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Берталан Фаркашт одонг нь зүүж өгч, ОХУ-ын сансрын нисэгч Алексей Леоновт төрсөн өдрийн баяр хүргэсний сацуу өчигдөрхөн 60 нас зооглосон ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовт алд цэнхэр хадаг, мөнгөн аяга гардуулж сайн сайхны ерөөл дэвшүүллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлэв.