Нийгэм

Х.Баянмөнх аваргын охин нэрээ татаж С.Отгонбаяр дэвшихээр боллоо

А.Сэвжид
2016-06-02 01:29

АН-ын гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог, 33 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигчийг өөрчлөх шийдвэрт хүрлээ. Тус шийдвэрийн дагуу АН-аас Увс аймагт нэр дэвшээд байсан Б.Сүрэнжав/Баянмөнх аваргын охин/ нэрээ татсан тул “Оюуны ундраа” компанийн захирал С.Отгонбаярыг, Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Ч.Даваабаяр нар нэрээ татсан тул “Дэлгэрэх хүнс” компанийн захирал Д.Жаргал нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.

Ингэснээр Увс аймгийн 33-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатартай ОБЕГ-ын дарга асан С.Отгонбаяр өрсөлдөхөөр боллоо. Түүний хувьд ҮЗХ-ны хурлаас өмнө аймгийн намын хорооноосоо дэмжлэг аваад байсан юм. Харин Өвөрхангайд нэр дэвшсэн Ч.Даваабаяр нэрээ татсан нь тус тойрогт АН-аас эмэгтэй хүн нэр дэвших болсонтой холбоотой аж. Сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөлөл 20 хувиас багагүй байна гэсэн заалт бий. Ямартай ч ардчилсан нам хуулиа баримталж квотоо гүйцээлээ.