Нийгэм

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэнэ

А.Сэвжид
2016-05-26 07:25

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэл, 2016 оны хот тохижилтын ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, авто замын ажил эхэлсэн. Энэхүү ажлын хүрээнд авто замын трасст орсон, орц гарц хааж байрласан, тохижилт хийх, мод бут сөөг тарих байршилд байгаа зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг, контейнеруудыг нүүлгэн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийн өмнө эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа албан бичиг, шаардах хуудсыг өгч, холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд албадан нүүлгэх арга хэмжээг авдаг юм.

Чингисийн өргөн чөлөө буюу Төв номын сангийн хажууд байрлах түргэн үйлчилгээний цэгийн эзэмшигчдэд урьдчилан мэдэгдэж, шаардах хуудас хүргүүлсэн ч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөгүй байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын албадан нүүлгэх захирамжийн дагуу СБД-ийн Өмч газрын харилцааны албанаас журмын хашаанд түргэн үйлчилгээний цэгийг зөөвөрлөн байршуулж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн.
Цаашид төв зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг зөөвөрлөн шилжүүлэх ажлыг холбогдох дүүргүүд хариуцан зохион байгуулж, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид урьдчилан мэдэгдэнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.