Улсын их хурал

М.Энхболд: Бид ҮХЦ-д нөлөөлөх боломжгүй

Bolor Rose
2016-04-28 01:40

МАН-ын дарга М.Энхболд болон удирдах зөвлөлийн гишүүд Сонгуулийн ерөнхий хороонд 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ өглөө.

МАН-ын дарга М.Энхболд "МАН Сонгуулийн хуулинд заагдсаны дагуу СЕХ-д сонгуульд оролцох улс төрийн шийдвэр, мөрийн хөтөлбөрөө өргөн барьж танилцууллаа. Манай нам энэ удаагийн сонгуульд иргэн бүрт зориулагдсан нийгмийн бүхий л салбарын салаа мөчирт сэргэлт авчрах тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөрийг боловсруулан өглөө. Мөн энэхүү мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх Монголыг аврах төв штабаа өчигдөр гүйцэтгэх дээд байгууллагаар хэлэлцэж намын дарга сонгуулийг удирдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга ерөнхий менежерээр ажиллаж, 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй улс орон даяар сонгуулийг зохион байгуулах штабаа байгууллаа" гэж хэллээ. Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуусан асуултанд хариуллаа.

Үндсэн хуулийн цэцийн 5-р дүгнэлтийн тухайд

"Бид жилийн өмнө чуулган эхлэхийн өмнө Монголд сонгууль ямар тогтолцоогоор явах вэ гэдгийг ард түмэн өөрсдөө сонгох ёстой гэдэг зарчмыг бодож 26 хүн гарыг үсэг зурж, Ард нийтийн санал асуулга явуулаач гэсэн тогтоолын төсөл өргөн барьсан ч энэ дөрвөн жилд сөрөг хүчин, цөөнхийн хуулиудыг хэлэлцдэггүй тэр л зангаараа олонх маань үүнийг өнөөдрийг хүртэл дарсаар байгаа. Харин манай намын хувьд цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй, сонгууль товлосон хугацаандаа болох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хуулийн цэц бол хараат бус байгууллага. Тэглээ ч одоо манай намд байсан цөөхөн хүн Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байгаа. Сүүлийн дөрвөн жилд тус байгууллагыг төлөөлж байгаа хүмүүс хаанаас яаж сонгогдсон гэдгийг олон нийт мэдэж байгаа. Бид цэцэд нөлөөлөх ямар ч боломжгүй."

МАХН-тай эвсэх тухай асуудлаар

"4 сарын 18-19 өдрүүдэд МАХН-тай эвсэх талаар ярьсан, хөөрсөн, уулзсан, учирсан бүх зүйлийг олон нийтэд бодитой байдлаар нь мэдээлсэн. Бид бол ажлын хэсгийнхээ гарын үсэг зураг санамж бичгийг намын бага хурал болон удирдах зөвлөл хүндэтгэн, хүлээж авч эвсэх тухай асуудлаа ярилцацгаая гэсэн байр суурьтай байсан. Харамсалтай нь МАХН-ын ажлын хэсгийн зарим нөхдүүд нь санамж бичигт орсон зарим зүйл заалтуудыг өөрчлье гэсэн. Тэгсний дараа эвсэх тухай ярилцъя гэсэн саналыг гаргасан. Бас сонгуулийн хуулинд заасан цаг хугацаанд шахагдсан. 20-ны өдрийн 17 цаг гэхэд сонгуульд оролцох бүх улс төрийн нам эвсэл бие даагчид мөрийн хөтөлбөрөө өгөх ёстой байсан. Энэ дагуу бид өгсөн. Тиймээс 20-ны өдрийн 17 цагаар эвсэх тухай асуудал дуусгавар болсон.

Амараагийн бичлэгийн тухай

Манай намын зүгээс тус бичлэгийг захиалж хийлгэсэн зүйл байхгүй. Херогийн нэг хүн манай намын захиалгаар хийсэн гэж ярьсан байна лээ. Тэр даруйд нь манай намын хэвлэл мэдээллийн албаны дарга бид ийм гэрээ хийгээгүй, захиалаагүй гэдгээ олон түмэнд залруулга хийсэн байгаа.