Нийгэм

Шилжилт хөдөлгөөнөө 4 сарын 30-наас өмнө хийлгэнэ үү

А.Сэвжид
2016-04-22 02:05

Зургадугаар сарын 29-ний өдөр товлогдсон УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоох учиртай. Тиймээс иргэд өөр аймаг сум, засаг захиргааны нэгж рүү шилжсэн бол бүртгэлээ дөрөвдүгээр сарын 30-наас өмнө хийлгэх шаардлагатай юм. Одоогоор шилжилт хөдөлгөөн хийсэн ч тухайн газартаа бүртгэлээ хийлгээгүй 11 мянган иргэн байгаа аж. Өнөөдрийн байдлаар сонгуулийн санал авах 2091 хэсэг улс орон даяар байгуулагдаад байна.

Түүнчлэн Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан байгаа. Урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ. Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-ныг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулах аж. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулж болох бөгөөд статистикийн ерөнхий газрын лавлах утас 1800 1890 дугаарт бас хандаж болох юм.