Засгийн газар

Гадаад харилцааны яам 100 хоногийн ажлаа тайлагналаа

trends.mn
2016-10-18 05:20

Шинээр бүрдсэн Засгийн газар байгуулагдаад 100 хоног болж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас 2016-2020 он хүртэлх Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан өөрсдийн төлөвлөгөөгөө гарган ажилласан.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлэхдээ: "Манай яам гадаад харилцааныхаа тэргүүлэх чиглэлүүдийг боловсруулж, олон талт харилцаанд тулгамдаж буй асуудлууд ба түүний шийдэл зэргээр төлөвлөгөөгөө гаргасан" гэлээ.

Харин Гадаад харилцааны яам эхний 100 хоногийн хугацаанд дараах ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Үүнд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн Ли Көцян манай улсад айлчилсан. Тус айлчлалын хүрээнд 1990 оноос хойш төлөгдөөгүй байсан 38 тэрбум төгрөгийн өрийг чөлөөлөх гэрээ байгуулсан бөгөөд хоёр талын шугамаар хэрэгжиж буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн хэлэлцээрүүдийг байгуулжээ.

Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Монгол Улсад айлчилсан юм. Энэ хүрээнд ОХУ, Монгол Улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах тохиролцоонд хүрсэн гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн онцоллоо. Ирэх таван жилийн хугацаанд улс төр, эдийн засаг, соёл урлаг, хүмүүнлэг, боловсрол, төмөр зам зэрэг бүх салбарт стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ гэдгийг хэллээ.

Япон улсын Ерөнхий сайдын урилгаар манай ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны айлчлалаа хийсэн. Энэ хүрээнд Монгол улсын газар тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллах, мөн Японы цэвэр нүүрсний технологийг ашиглан нүүрснээс хоёрдогч бүтээгдэхүүнийг гарган авч үйлдвэрлэх, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар судалж, харилцан ажиллах. Мөн Монгол Улсын боловсролын салбарыг дэмжиж ЕБС-ийн барилгын төслийн судалгааны багийг Японы Засгийн газраас ойрын үед ирүүлэхээр болжээ.  

Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын 71 дүгээр чуулганд оролцон, Ерөнхий санал шүүмжлэлийн хуралдаанд үг хэлсэн байна. Энэ үеэр 30 гаруй орны Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын хэлэлцээрүүдийг хийжээ. Тухайлбал ОХУ, БНХАУ, Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нартай хоёр талын уулзалт хийсэн байна.

Гадаад харилцааны яам гуравдагч хөршийн бодлогын хүрээнд АНУ, БНСУ, Канад зэрэг улстай хамтран ажиллаж, гэрээ хэлэлцээр байгуулж байгааг онцоллоо. Тухайлбал АНУ-тай "Олон улсын хөрөнгө оруулалтын ил тод байдлын хэлэлцээр" байгуулсан. Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн айлчлалын үеэр 25-44 насны 30 залуу боловсон хүчнийг ирэх жилээс АНУ-д гурван сарын хугацаанд дадлагажуулах “Lead Mongolia” хөтөлбөрт хамруулах тохиролцоонд хүрчээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Ин Хэ манай улсад айлчлал хийж, үүний хүрээнд манай улсын Ерөнхийлөгчтэй өндөр дээд хэмжээний гэрээ хэлэлцээр хийсэн. Үүний хүрээнд тус улстай хамтран Ухаалаг боловсрол төсөл, улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний хоёр дахь шатны төсөл, 2016-2019 онд соёлын солилцоо явуулах, соёлын өвийн салбарт хамтран ажиллах эрх зүйн үндсийг тогтоох зэрэг баримт бичиг байгуулжээ.

Мөн Канад улстай уул уурхайн салбарт илүү идэвхтэй хамтын ажиллагаа явуулдаг. Үүний дүнд хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих гэрээ байгуулж чадлаа гэв. УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Канадын парламентын дарга өнгөрсөн есдүгээр сард манай улсад хийсэн. Айлчлалын үеэр 55.4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдийг тодорхойлж, тохиролцсон ач холбогдолтой айлчлал болсон гэдгийг онцоллоо.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Гадны улсууд манайхыг ихээр сонирхож байна. Тэр дундаа шинээр байгуулагдсан ЗГ ямар шинэ ажил хийх нь вэ гэсэн хүлээлт гадны улсуудаас ажиглагдаж байна” гэдгийг мөн цохон тэмдэглэсэн юм.


  1. 150.129.142.* Зочин 2016-11-29 07:03
    ichech unshahgui bugdig buratgaj bga bish ter alurchin said burhani tserlelig uzne