Улсын их хурал

Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

А.Сэвжид
2016-06-23 06:32

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж таван асуудал хэлэлцэхээр тогтов.

Батлан хамгаалахын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний холбогдолтой хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ зарчмын зөрүүтэй 1, найруулгын 23 санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ. Ингээд Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 5, найруулгын 21 саналаар санал хурааж дэмжив. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Байнгын хорооны хуралдаанаар Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулах “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжив. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хийсэн юм.

Сүүлийн жилүүдэд ачаа, зорчигч тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай авто тээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсээд байгаа. Энэ хүрээнд НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссоос Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчин бүрдүүлэх 4 дэх удаагийн зөвлөлдөх уулзалтыг Москва хотноо 2016 оны 3 дугаар сарын 29-өөс 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Уг уулзалтаар гурван улсын төлөөлөгчид “Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын Олон улсын авто замын тээврийн хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн хэлэлцэж тохирчээ.

“Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь 20 зүйл, 3 хавсралттай бөгөөд энэхүү хэлэлцээр нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцааг уялдуулж хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байгаа аж.

Хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд олон жил яригдаж ирсэн энэ асуудал өнөөдөр шийдэгдэж, Ташкент хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтын үеэр өнөөдөр энэ хэлэлцээрт Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Засгийн газрын төлөөллүүд гарын үсэг зурах гэж байна. Энэ хэлэлцээрийн үр дүнд манай улсын ачаа тээвэр, бараа эргэлт болон экспорт, импортын хэмжээ нэмэгдэх чухал ач холбогдолтой юм. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар манай жолооч нар Ховдын Булганы хилийн боомтоор дамжин Казакстаны хил хүртэл ачаа тээвэрлэх боломж нээгдэх юм гэлээ.

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжин хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх байнгын хорооны хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.