Засгийн газар

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн хувьцаа” арга хэмжээ ямар хуулиудыг зөрчсөн бэ ?

А.Сэвжид
2016-06-14 05:42

'Эрдэнэс Тавантолгой'-н 322 ширхэг хувьцааг Засгийн газар худалдаж авах хүсэлтийг өчигдрөөс эхлэн арилжааны банкнуудад гаргаж эхлээд байгаа билээ. Харин энэхүү арга хэмжээ нь Монгол улсын хэд хэдэн хуулийг тогтоомжийг зөрчсөн хэмээн Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбоо үзэж энэ талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Монголын үнэт цаас арилжаа эрхлэгчдийн холбоо удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр “Банкнуудад гурван хувийн шимтгэл өгнө хэмээн тогтоолд дурдсан байгаа. Энэ гурван хувийн шимтгэл гэдэг чинь ямар тооцоон дээр гарсан юм бэ. Нэг тоо баримт хэлэхэд брокерийн компаниуд  арилжааны шимтгэл хоёр хувийг авдаг. Энэ хоёр шимтгэлээр хөрөнгийн бирж гэдэг төрийн өмчит компанийг тэтгэсээр ирлээ. Тэгэхэд зөвхөн иргэдийн хүсэлтийг нь аваад, дансанд нь мөнгө байршуулахад л банкнуудад гурван хувийн шимтгэл өгч байна. Энэ нь ойролцоогоор 9000 төгрөг болж байгаа. Ийм нөхцөлд бид шударга өрсөлдөөнийг ярих уу. Энэ гурван хувийн шимтгэл чинь татвар төлөгчдийн халааснаас гарах л зүйл. Бас эдийн засгийн эргэлтэд оруулна гэж ярьж байгааг болих хэрэгтэй. Эдийн засгийн эргэлтэд орно гэдэг чинь хөрөнгийн бирж дээр бүртгүүлээд иргэд чөлөөтэй арилжаалж болохыг хэлдэг болохоос биш зөвхөн засгийн газар нь худалдаж авахыг хэлдэггүй.  Тиймээс төрийн өмчит компаниудынхаа хувьчлалыг яаралтай хийх хэрэгтэй” гэж хэллээ.

Тэдний үзэж байгаагаар засгийн газар дараах хууль тогтоомжуудыг зөрчсөн гэв.

-Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн  5.1 буюу “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зохицуулалтад хамрагдах үнэт цаасанд дараах санхүүгийн хэрэгсэл хамаарна” үүнд 5.1.1-д “хувьцаат компанийн хувьцаа” гэж заасан. Мөн тус хуулийн 23.1-д “Компанийн хувьцааг худалдан авах ажиллагааны журмыг хороо /санхүүгийн зохицуулах хороо/ зохион байгуулна” гэж заасныг,

-Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн  23.3-т “Хорооноос тогтоосон журмыг зөрчиж санал гаргах, эсхүл санал гаргалгүй компанийн хувьцааг худалдан авахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг,

-Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1, 60.1.3-т Засгийн газрын тогтоол нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх” гэж заасныг, /хувьцаа худалдан авах үндэслэл нь хууль биш УИХ-ын тогтоолыг л дурдсан/,

-Компанийн тухай хуулийн 33.1-д “Компанийн энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ”, 33.2-т “Зарласан хувьцаанаас хувьцаа эзэмшигчдийн худалдан авч эзэмшсэн хэсгийг эргэлтэд гаргасан хувьцаа гэнэ”, 33.4-т “Гаргасан хувьцааны тоог компанийн балансад төрөл бүрээр нь тусгана”, 33.6-д “Компаниас гаргасан хувьцаа нь түүнийг компаниас худалдан авах буюу эргүүлэн авах, эсхүл бусад төрлийн үнэт цаас буюу эд хөрөнгөнд хөрвүүлэх хүртэл эргэлтэд байна” гэж заасныг,

-Компанийн тухай хуулийн 4.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ” гэснийг тус тус зөрчиж байна гэж тус ашгийн бус байгууллага үзлээ.