Бусад

С.Одгэрэл: Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын гоцлол бүтээлүүдийг тоглосноороо цомог маань анхдагч

Bolor Rose
2016-06-07 05:29

Залуу төгөлдөр хуурч С.Одгэрэлийн Mongolian Composers’ Piano Pieces буюу Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдээр дагнасан цомог өнгөрсөн ням гарагт Hi-Fi CD Shop-д нээлтээ хийлээ.

Түүний шинэхэн цомогт АЖ, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн “Бодол”, “Буриад бүжиг”, 24 Прелюдигээс №12, №19, №20, МУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын “Зул”, “Сэрсэн тал”, Прелюди №1, №2, Төрийн соёрхолт З.Хангалын “Монгол ардын дууны хувилбар аяз” зэрэг 10 бүтээл багтсан бөгөөдМонголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдээр дагнасан анхны гоцлол төгөлдөр хуурын цомог болж байгаа юм.

Цомогт багтсан С.Гончигсумлаагийн “Бодол” зохиол бол Монголын анхны төгөлдөр хуурт зориулсан сонгодог хэлбэрийн бүтээл юм. Харин монгол түмний чихнээ хоногшсон “Сэрсэн тал”-ыг С.Одгэрэл анх удаа төгөлдөр хуурт хөрвүүлэн тогложээ. Түүний энэхүү цомог дэлхийн аль ч уралдаан тэмцээнд мэргэжлийн сонсогчдын өмнө нүүр тахлах чадварлаг бүтээл гэдгийг мэргэжилтнүүд онцлон хэлж байгаа ажээ. 

Шинэхэн цомгийнх нь талаар төгөлдөр хуурч С.Одгэрэлээс цөөн асуултад хариулт авлаа. 

- Төгөлдөр хуурын шинэхэн цомгоо гаргасанд баяр хүргэе. Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын сонгодог бүтээлүүдийг тоглосноороо таны цомог өвөрмөц, бас сонирхолтой санагдсан. Яагаад монгол зохиолчдын төгөлдөр хуурын аяыг тоглохоор сонгосон бэ? 

-Баярлалаа. 10 сараас хойш цомгийн ажил дээр төвлөрч ажиллаад өнгөрсөн бүтэн сайнд нээлтээ хийлээ.  Яагаад энэ цомгоо гаргасан гэхээр,  

нэгдүгээрт, манайд үндэсний сонгодог төгөлдөр хуурын бүтээлүүдээс бичүүлж олонд таниулсан нь ховор байдгийг анзаарсан.

Хоёрдугаарт, Европт тоглож байхдаа монгол зохиолуудаа зарим үед тоглоход гадны үзэгчид маш өндрөөр хүлээж авч байсан. Энэ зохиолуудыг дараа нь хаанаас сонсож болох вэ гэхчлэн их асуудаг.  Тиймээс Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурын бүтээлүүдээс түүвэрлэж бичүүлэх хэрэгцээ, шаардлагатай юм байна гэдгийг давхар олж харсан.

 Манайд өмнө нь төгөлдөр хуурын мэргэжлийн бүтээлүүд бичүүлж байсан түүхээс гэвэл, дээр үед ардын жүжигчин Т.Цолмон С. Гончигсумдаа гуайн 24 прэлюди-г пянзанд бичүүлж байсан бол, түүний шавь Ц. Энхтөр, З.Хангал, Билэгжаргал нар төгөлдөр хуур найрал хөгжмийн концертыг бичүүлж сиди болгон гаргаж байсан юм билээ. Харинтөгөлдөр хуурын гоцлол зохиолуудаас анх удаа цомог гарч буй нь энэ юмаа.  

-Европт төгөлдөр хуур тоглодог байсан гэсэн. Өөрийнхөө талаар товчхон ярихгүй юу? Хаана, ямар сургууль төгссөн гэхчлэн?

-Би төгөлдөр хуурыг 7 наснаасаа эхлэн суралцсан. Хөгжим Бүжгийн Коллежид 1993-2006 онд суралцаад, Италийн Пэружагийн консерваторид профессор Лиужи Танганэллийн удирдлага дор бакалавр, профессор Стэлла Куадринийн удирдлага дор магистр, улмаар Имола хотын төгөлдөр хуурын академид /профессор Стэфано Фиуцци/ суралцан төгсөж өдгөө Хөгжим Бүжгийн Коллежид ажиллаж байгаа. 

-Аанхан. Цомгоо гаргахаас өмнө ямар уран бүтээлүүд гаргаж байв. Таны анхны цомог уу? 

- Бээжин, Хонг-Конг, Ром болон Итали, Испани, ХБНГУ-ын хотуудаар төгөлдөр хуурын гоцлол болон хамтарсан тоглолтуудыг хийж байсан. Энэ цомог миний анхны цомог болон гарч байгаа.  

- Цомгоо хаагуур худалдаалж байгаа вэ? 

- Цомгоо Hifi records, Orange records - н салбаруудаар зарж байгаа мөн удахгүй "Total music" болон, GOYO -н салбаруудад тавигдана. Онлайн хэлбэрээр Hifi.mn-ээс авч болно. 

-Цөөн хором ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. 

 

Монгол түмний чихнээ хоногшсон 'Сэрсэн тал'-ыг С.Одгэрэл анх удаа төгөлдөр хуурт хөрвүүлэн тоглосныг танд хүргэж байна. 


  1. 162.158.163.* Цогтгэрэл 2022-02-07 17:06
    Монгол аялгуу - Сонгодог хөгжим. Үнэхээр сайхан сонсогдож байна. Уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе
  2. 202.9.41.* Ариука 2016-06-09 00:16
    Мундаг байна шүү, уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
  3. 202.9.40.* Зочин 2016-06-08 01:21
    mongol gedeg haranhui buduulgiin oron bish gedgiig haruulj ogchee well done