Нийгэм

Автомашингүй гудамж болгох төслийг сонгон шалгаруулна

А.Сэвжид
2016-06-02 01:00

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Автомашингүй гудамж төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Гудамж төслөөс хэрэгжүүлж байгаа хотын дэд төв төслийн хүрээнд нийслэлийн гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах, хотын иргэд болон гадаадын жуулчдад  тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор “Автомашингүй гудамж” бий болгон тохижуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэхүү төслийг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Хангарди орчим, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжид хэрэгжүүлэх бөгөөд цэцэрлэгт талбай орчмын газрын тодорхой хэсгийг төсөл сонгон шалгаруулалт, газрын дуудлага худалдаа зохион байгуулах замаар аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэн автомашингүй гудамж болгохоор төлөвлөсөн.

Үүний дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/419 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Автомашингүй гудамж дэд төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Жигжиджавын гудамж, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай /Улсын Циркийн хойд талын цэцэрлэгт талбай/-д газар доорх байгууламж бүхий шинэ төлөвлөлттэй гудамж /7 хоногийн Бямба, Ням гаригуудад автомашины зам хаах / төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах юм. 

Мөн уг төслийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсгийг батлав. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нарийн бичгийн даргаар Гудамж төслийн Захиргаа, санхүүгийн албаны дарга Д.Намсрайжав нар ажиллах юм. Төсөл сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгалаа.

Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны цэцэрлэгт талбай орчим буюу Их дэлгүүрээс АСА цирк хүртэлх талбайн газар доор  олон нийтэд зориулсан амрах талбайтай, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ бүхий байгууламж барихаар төлөвлөж байгаа юм.  Мөн одоо байгаа цэцэрлэгт талбайг шинээр тохижуулах бөгөөд төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа 2 талын замын хөдөлгөөнийг ажлын өдрүүдэд хаахгүй, зөвхөн амралтын өдрүүдэд бүрэн хааж, харин газар доогуур хийсэн байгууламж бүхий гудамж нь  ямар ч үед автомашингүй байхаар тооцжээ.

Газар доогуур барих байгууламжийн нийт талбай нь 9940 метр квадрат, худалдаа үйлчилгээний  нийт талбай нь 6640 метр квадрат, олон нийтийн гудамж зам талбай нь 3500 метр квадрат байна гэж төлөвлөсөн байна. Газар доогуурх байгууламжид  нийтдээ 9 гарц хийхээс гадна байгууламж руу орох гарц орчимд автомашины зогсоол хийхээр урьдчилсан зураг гарсан байна


  1. 83.250.69.* ene live uzeerei. 2017-08-08 18:06
    https://www.youtube.com/watch?v=ZeL1DcFf0rA
  2. 202.21.106.* bitgii shaa 2017-08-04 17:06
    Omnox udirdlaga ruu chixeed boloo uy xuts. niitiin ezemshliin bux gazriig xuvaaj avch duusgalaa.
  3. 27.123.214.* Зочин 2017-08-04 14:51
    Эсэргүүцэж байна