Засгийн газар

Түнш зочид буудлуудад бэлэг дурсгалын цэг байгуулна

А.Сэвжид
2016-05-18 01:10

АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг 5 дугаар сарын 17-нд ээлжит хурлаа хийж, саяхан болж өндөрлөсөн АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын зочлох үйлчилгээний үр дүн болон бусад асуудал хэлэлцлээ.

Тус уулзалтад түнш 51 улс, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН), Ази-Европын сангийн төлөөллөөс бүрдсэн нийт 170 төлөөлөгч оролцсон бөгөөд төлөөлөгчид “Туушин”, “Улаанбаатар”, “Блю-Скай” буудлуудад байрласан юм. Эдгээр буудлуудын зохион байгуулалт хангалттай сайн үнэлэгджээ.  

Хүлээн авалт болсон “Шангри-Ла” зочид буудалд үйлчилгээтэй холбоотой зарим нэг засч сайжруулах зүйл ажиглагдсан тул холбогдох хүмүүст нь зөвлөмж өгсөн байна. Мөн хуралдаанаар түнш зочид буудлуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бэлэг дурсгалын цэг ажиллуулах талаар хэлэлцлээ. Тус ажлыг Хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж албан бичиг хүргүүлэхээр болов.

Хуралдааны төгсгөлд дээд хэмжээний уулзалт болох “Шангри-ла” буудлын орчимд хоёр талын уулзалт хийх гэр хотхоныг байгуулахад шаардагдах техник тоног төхөөрөмжийг төрийн өмчит албан байгууллагуудаас түр авч ашиглах талаар судлахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан үүрэг болгов.