Нийгэм

Шинэ болон хуучин орон сууц ямар үнэтэй байна вэ?

Bolor Rose
2016-05-12 07:37

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 04-р сарын  дүнг танилцуулжээ. 

Судалгаагаар өнгөрсөн 4-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 3.5 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар буурсан үзүүлэлт аж. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 4-р сарын үр дүнтэй харьцуулахад -11.2 хувиар буурчээ. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 15.2 хувьтай гарсан юм. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад -3.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -9.5 хувиар буурчээ.  

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 4 дүгээр сарын байдлаар 2,025,000 төгрөг болж өмнөх сараас 0.8 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар тус тус буурсан байна. 

Графикаас харахад, Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Харин хуучин орон сууцны үнийн индекс -3.8 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас -1.0 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -2.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс -13.1 хувиар буурсан үзүүлэлт аж. .

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 4 дүгээр сарын байдлаар 80,000,000 төгрөг болж өмнөх сараас 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 17.0 хувиар тус тус буурсан байна.

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Эх сурвалж:  https://www.mongolbank.mn/documents/prnews/2016/201604hpi.pdf