Улсын их хурал

Ж.Батзандан: Оффшорын эсрэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт оруулна

А.Сэвжид
2016-05-11 04:32

2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан оффшорын эсрэг хуулийн төслийг дахин хэлэлцүүлэгт оруулахаар болсон талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан мэдээллээ.

Тэрээр хэлэхдээ “Өнөөдөр Өргөдлийн Байнгын Хороо УИХ-аас АТГ-т албан ёсоор хуулийн хэрэгжилт хянан шалгуулах тухай албан тоот явуулж байна. Панамын оффшор дансны тухай мэдээлэл задарсантай холбоотойгоор дэлхийн томоохон улс орнууд мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна. Европын холбоо, Япон, Хятад гэх мэт орнууд оффшорт мөнгө нуусан албан тушаалтнуудаас мөрдөн шалгах, тайлбар мэдүүлэг авах ажлыг эхлүүлсэн гэдгээ зарлаж байна. Монгол Улс ч энэ чиглэлд мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх ёстой гэсэн байр суурийг бид барьж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрээр "2013 оны нэгдүгээр сард өргөн барьсан Оффшорын эсрэг хуулийг дахин хэлэлцүүлэгт оруулахаар болж байгаа. Энэ хуулийн төсөл УИХ-д дарагдаад гурван жил болсон. Төрийн өндөр албан тушаалтнууд оффшорт мөнгө хадгалах, данс нээхийг энэ хуулийн төсөл дээр хориглосон. Харамсалтай нь Р.Гончигдорж даргатай ажлын хэсэг энэ хуулийн төслийг гурван жил дарсан. Үүн үр дүнд оффшорт мөнгө нуудаг буруу дадал зуршил арилаагүй байна. Тийм учраас уг төслийг УИХ-ын дарга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай ярилцсаны үндсэн дээр хэлэлцүүлэгт дахин оруулах болсон” гэж хэллээ.