Улсын их хурал

МАХН: Ч.Улаан Д.Тэрбишдагва нар намаас албан ёсоор чөлөөлөгдөөгүй байгаа

А.Сэвжид
2016-05-10 04:42

МАХН-ын Хяналт, Ёс Зүйн хорооны дарга Г.Давааням цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ "УИХ-ын гишүүн Ч.Улаан Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч байгаагаа улмаар Шударга ёс эвслийн бүлгээс гарч буйгаа мэдэгдээд 10 шахам хонолоо. Энэ хүмүүс эвслийн бүлгээс гарснаар МАХН УИХ-д бүлэггүй болсон. Ингэж намыг шахаж хүчгүйдүүлэх нь МАН-АН бүлэглэл төрд дангаараа ноёрхол тогтоох санаархал явж байгаа юм. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг тус бүлэглэлийн далласан газар ил гарч, далайсан газар далд ордог утсан хүүхэлдэй болсонд харамсаж байна.

Гэвч Ч.Улаан Д.Тэрбишдагва нар нь МАХН-аас албан ёсоор чөлөөлөгдөөгүй байгаа. Үүнд холбогдох хоёр шалтгааныг хэлье.

Нэгдүгээрт намын дүрмийн 7-р зүйлийн 2-т МАХН-ын гишүүнээс гарах хүсэлтийг харьяалагдах намын анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдсэнээр намын гишүүний бүртгэлээс хасагдсанд тооцно гэсэн заалт бий. Гэвч Ч.Улаан Д.Тэрбишдагва нар үүнийг зөрчин Намын даргын нэр дээр өргөдөл өгсөн. Түүнийг Хяналт Ёс Зүйн Хороо шилжүүлэн авч 2016 оны тавдугаар 05-ний өдөр намын №77,78 тоот шийдвэрээр тэднийг намаас хассан. Энэ нь намын дүрмийн 7.2 заалтыг ноцтой зөрчсөн тул дээрх шийдвэрийг 2016 оны тавдугаар сарын 09-ний өдөр Хяналт Ёс Зүйн Хорооны тогтоолоор хүчингүй болгосон байгаа. 

Хоёрдугаарт Д.Тэрбишдагва Ч.Улаан нар МАХН-ын бага чуулганаар сонгогдсон гишүүд. Мөн  Хяналт Ёс Зүйн Хорооны бүрэлдэхүүнийг сонгох, тэдгээрийн тайланг хэлэлцэх үүрэгтэй. МАХН-ын дүрмийн 9-р зүйлийн 10.4-т Намын Их чуулган намын бодлогын асуудлыг хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэсэн байдаг. Тиймээс Их Чуулганы чөлөө цагт бага чуулган эрх барьдаг учир намын бага чуулганаар тэднийг бага чуулганы гишүүнээс чөлөөлөх боломжтой дээрх гишүүд МАХН-ын ээлжит бага чуулган хүртэл МАХН-ын бага чуулганы гишүүн хэвээрээ Д.Тэрбишдагва намын дэд дарга хэвээр байна гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүн Ч.Улаан Д.Тэрбишдагва нар намын гишүүнээсээ гарахыг Намын анхны шатны байгууллагаараа шийдвэрлүүлэх, намын сонгуульт ажлаа ээлжит бага чуулганаар чөлөөлүүлж байж дараагийн намд элсэх асуудал нь нээлттэй болно гэдгийг анхааруулж байна.

Ирэх сонгуулийн үр дүн ямар гарахыг бид мэдэхгүй. Уран үгэнд хууртаж.урваж, шарваж айлын намын хаяа, хатавч бараадан урваач, шарваачаараа цоллуулан бялууны булан горьдон толгой доогуур гөлөлзөж явснаас зовж, зүдэрч босгосон намаа хүрээлэн бүтэн нэртэй, бүлээн зүстэй элэг нэгтэй журмын нөхөдтэйгөө инээж, хөхрөн, цуглаж, жагсан зовлон жаргалаа хуваалцаж явахыг уриалж байна. Харамч баяны өгсөн өрөмнөөс өглөгч ядуугийн өгсөн хусам амттай гэдэг. Намдаа олдсон хусмаа голж шилэлгүй хувааж хүртэцгээе, зүтгэцгээе. МАН-АН-г арилгаж Монгол орондоо наран мандуулж шударга ёсыг тогтоохын төлөө эв эеэ хичээн эвлэлдэн нэгдэж сонгуулийн хувьсгалаар хөгжлийн хувьсгалд хүрцгээе. Эвтэй бол хүчтэй, Хүчтэй бол ялалтад хүрнэ. Сайн үйлс дэлгэрэх болтугай" гэв.