Нийгэм

'Алтанбулаг Экспо-2016' ОУ-ын форум, үзэсгэлэн худалдаа болно

Bolor Rose
2016-05-06 00:42

Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, "Алтанбулаг" чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл, Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөл, "Алтанбулаг" чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын  зөвлөл хамтран “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдааг ирэх тавдугаар сарын 21-22-нд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” чөлөөт бүсэд зохион байгуулна.

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Эдийн засгийн коридор байгуулах”, гурван улсын хамтын ажиллагааг хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг хангах, улмаар гурван улс хоорондын санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм байна. 

Арга хэмжээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэргүүтэй Монголын төр засгийн төлөөлөл болон ОХУ, БНХАУ-ын төр засгийн төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцох бөгөөд Гааль, татварын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар, МҮХАҮТ-ын нээлттэй хаалганы өдөрлөг болно.

Олон улсын форумын үеэр дэлхийн чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлага, чөлөөт бүсэд тээвэр, логистикийг хөгжүүлэх боломж, чөлөөт бүсээр дамжуулан ОХУ руу мах экспортлох боломж, нөхцөл, хөрөнгө оруулалтыг татах, экспорт импортын гаалийн татвар зэрэг сэдвүүдээр салбар хуралдаанууд болно.

Үзэсгэлэн худалдаагаар Монголын үндэсний бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, боломжтой экспортын хүнсний бүтээгдэхүүн, Орос, Хятадын бараа бүтээгдэхүүний сурталчилгаа, худалдаа болно.