Улсын их хурал

Цэцийн ДҮГНЭЛТийг УИХ хүлээн авлаа

А.Сэвжид
2016-05-04 02:02

Үндсэн хуулийн 2016 оны тавдугаар дүгнэлтийг хүлээн авах, эсэхийг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Тодруулбал Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Сонгуулийн тухай хуулийн дараах хоёр заалт Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн юм.

7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт,

120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг юм.

Ингээд хуралдааны үеэр хэлсэн зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Ойлгомжтой, тодорхой асуудлыг тодорхойгүй байдалд шилжүүлсэн нь УИХ улс төр судлаачдын зөв бичээд байгааг анхаардаггүй. Үндсэн хууль судлаачид хамгийн зөв гаргалгааг хэлсэн байна лээ. Энэ асуудлыг бид шийдэх байх. Гэтэл дөрвөн жил болсон байтлаа огт шийдээгүй асуудлууд байна. Сонгогчидтойгоо та бүхэн уулзаж байгаа. Бүх намууд энэ дөрвөн жилд татварын шинэчлэл хийнэ гэж амласан. Одоог болтол хийсэнгүй. Бизнесийн орчныг сайжруулъя, зөвшөөрлийг хялбаршуулъя гэж бүх нам амласан. Сонгогчиддоо очоод юу гэж хэлэх вэ. Сонгуулийн тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү. Зөвшөөрөл хүнд суртлыг байхгүй болгоё гэж ярьсан, тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар: Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ Дунд суудлын хуралдаанаар үгүйсгэж байгаа. Захиалгын шийдвэр гаргасан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцооны эсрэг зогсож байгаад гайхаж байна. Хоёр алхмаар урагшилж байснаас хойш ухарлаа. МАН төлөвшөөгүй нам байна. Бид буруу юм хийсэн учраас одоо болъё гэж байгаа нь 2016 онд яаж олонхи болох вэ гэдэг бодол зүүдээрээ захиалгаа гаргачихаад сууж байна. Энэнд харамсаж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Цэцийн дүгнэлт нь өнөөдөр нийгэмд ойлгомжгүй, ирээдүйд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй ноцтой дүгнэлт гэж харж байна. Сонгуулиа хийгээд явлаа гэхэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй юм болох вий. Долдугаар сарын 1-ний гашуун түүх бий. Цэц нь 2012 онд хуралдаад гаргаж байсан шийдвэрийнхээ эсрэг дүгнэлт гаргасан.  Өдөр шөнө шиг зөрчил байгаа. Ийм хоёр нүүр гаргаж байгаад гайхаж байна. Эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг анхааруулахыг хүсэж байна. Цэц нийгмийг тогтворгүй байдал руу түлхэх юм руу явуулж байгаа. Ийм дүгнэлт гаргасан Цэцийн бүрэлдэхүүн нийгэмд гарах хариуцлагыг хүлээх ёстой.