Засгийн газар

“Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр” баталлаа

А.Сэвжид
2016-05-04 00:49

2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж, “Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосон юм. Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчийн эрхийн зөрчил нэмэгдэж байгаа нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндсэн шаардлага  болж байна.

Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хэрэглэгчийнх нь хувьд хамгаалахад шаардлагатай эрх зүйн орчин, оновчтой тогтолцоо бүрдүүлэх, зах зээлд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх зорилготой тус хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ.   Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрсдлээс хамгаалж, стандартын мөрдөлтийг сайжруулах, хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, боловсрол олгох үндсэн зорилтуудын хүрээнд 20 арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тогтоолоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо.

 “Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулж, дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ.