Нийгэм

Хасын Ч.Ганхуяг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар Ерөнхий Сайд Ч. Сайханбилэгт захидал хүргүүлжээ

Bolor Rose
2016-05-02 00:40

Хасын Ч.Ганхуяг жижиг хувьцаа эзэмшигчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар Ерөнхий Сайд Сайханбилэгт хандсан нээлттэй захидал хүргүүлжээ. Захидлыг дор бүрэн эхээр хүргэж байна.  

Сайхан хаваржиж байна уу, Та? Монгол Улсын Ерөнхийлөгчийн удаа дараа хэлсэн арван гэр бүлийн бус 10,000-н гэр бүлийн компаниудтай болъёо гэх сайхан санааг гүйцэлдүүлэхээр бид ихэд урам зориг аван ухамсарт амьдралаа зориулсан ажлаа эрчимжүүлж, иргэд нь өөрсдөө хувь эзэмших Ард Санхүүгийн Нэгдэлийн хувьцааг Монголын Хөрөнгийн Бирж дээр гаргах, нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын санг, шинээр гарсан хуулийнх нь дагуу, байгуулан Хөрөнгө Оруулагч Үндэстэн гэж нэр хайрлан олон түмэнд таниулах, хөрөнгө оруулалт хийж, мөнгө санхүүг нь арвижуулах ажлыг гүйцэлдүүлж эхлээд байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэнд 1000, Ард Санхүүгийн Нэгдэлд 600 орчим хувьцаа эзэмшигчид нэгдэж бидний ажлыг дэмжлээ.  

Ерөнхий Сайд Таны анх санаачилсан төрийн өмчийн удирдлагыг шинэчлэх, Сингапурын Темасек маягийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр удирдах, өмчийн тодорхой хэсгийг хувьчлах, компанийн засаглалыг төрийн оролцоотой бүх компанид нэвтрүүлэх ажлыг бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид уухайлан урамтай сайхан хүлээж авсан билээ. Бид зүгээр ч ажиглаад, уухайлаад суулгүй гар, хөлөө оролцуулья, энэ ажлыг чинь явуулья гэж дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Тодорхой үйлдлүүдийг ч хийсэн.

Монгол Шуудангийн хувьчлал болоход бид хэдий цаг богино, баяр наадмын үе таарсан ч, зүтгүүлж ажиллаад нийт 34 хувийг нь 350 гаруй иргэнтэй хамтран авснаас 17.4 хувийг нь Ард Санхүүгийн Нэгдэл, түүний 600 гаруй хувь нийлүүлэгчид худалдан авсан болно. Монгол Улсын орчин цагийн хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх, булган сүүлтэй байх учиртай хувьчлал болсон гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэх үйл явдал болсон. Удаах үйл явдлууд харин энэ ажлыг нураах, удаан сэргэсэн итгэлийг үгүй хийх хэмжээнд очсон тул Ерөнхий Сайд Танд хандахаас аргагүйд хүрлээ.  

Сангийн Яамнаас төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг болсон нь ахиц дэвшил авчрах ёстой байсан байх. Харин Монгол Шуудангийн ТУЗ-ийн сонгуулийг явуулахад хувийн хэвшлээс нэр дэвшсэн хоёр хүн сонгогдсон юм шиг өнгөн дэрээ харагдавч, хараат бусаар сонгодог хүнийг хуулийн заалтыг уландаа гишгэн байж, хуйвалданы маягаар хүч түрэн сонгосон явдал нь итгэл, урмыг эвдсэн эхний үйлдэл болсон. Мундаг мэргэжлийн залуус итгээд нэрээ дэвшүүлсэн байсныг үл тоож, танил талын хүрээнд гишүүдийг сонгосон нь хуучнаа тавихгүй, бахь байдгаараа бид ажиллана гэсэн дохио боллоо. ТУЗ-ийн даргаа хараат бус нэг туршлагатай хүнээрээ хийлгэе гэхэд Сангийн Сайдын удирдамжаар далайлган төрийн албан хаагч шууд дээрээс томилогдсон нь удаах алдаа болсон. Ажил хийх гэж орж ирсэн юм чинь үүнийг бас орхиод хамтраад ажиллаад үзье гэж бодоод ажиллаж үзлээ. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуулийн дагуу хийе, дүрмэндээ өөрчлөлт оруулья гэж ТУЗ нь ажиллаж, нэгэнт төрд 66 хувь ногдох юм чинь, жижиг хувьцаа эзэмшигчдийн оролцоог хангах үүднээс хурлын ирцийн босгоо 75 хувиар, шийдвэр гаргах босгоо мөн 75 хувиар тогтооё гэж ТУЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр шийдвэрлэсэн билээ. Хувьцаа эзэмшигчдийн хурал болоход Төрийн төлөөний этгээд маань Сайдын удирдамж ирлээ гэж, тэрхүү зарчмын хоёр саналыг унагаасан нь Засгийн Газар 66 хувиараа 51 хувийн ирцээ ч бүрдүүлж, 51 хувиар шийдвэрээ ч гаргаж ажиллана гэж тунхаглалаа. Энэ нь Төрийн өндөрлөг та хоёрын хэлсэн үгэнд итгэж, хөрөнгө мөнгөө оруулсан жижиг хувьцаа эзэмшигчдийн итгэлийг нэгмөр байхгүй болгож, бид бүхний оролцоо хэрэггүй, Төр засаг өмнө нь яг яаж ажиллаж байсан тэр л арга барилаараа ажиллана, хөрөнгө оруулсан олон түмний өмчийн эрхийг хангахгүй, компанийн засаглалд оруулахгүй, сайн засаглалын анхан шатны шалгуурыг хангахгүй гэж албан ёсоор зарлалаа. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж сайхан яриа тунхагаас цаашгүй, хувийн хэвшил болон баялаг бүтээгч иргэндээ Төр итгэхгүй, төлөвлөөд байгаа хувьчлалууд худлаа юм шүү гэдгээ нотоллоо. Юуны ТЭЦ-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд? Юун Багануурын хувьчлал. Явахгүй. Зүгээр сайхан яриа.

Төр, хувийн хэвшилтэй итгэлцээд, ойлголцоод ажиллаж болдгийг Хотын Дарга Бат-Үүлийн жишээнээс харж болно. Саяхан Улаанбаатар хотын корпораци байгуулагдсан. Улстөрөөс түүний үйл ажиллагааг ангид байлгая. Сонгуулийн мөчлөгөөр явуулахгүй байя гэж зоригтой дугараад, хийсэн нь ТУЗ-ийн гурван хүнээ төр томилдог, гурвыг нь хувийн хэвшил нэр дэвшүүлдэг, хараат бус гурван гишүүнээ нээлттэй зарлаж байгаад сонгодог жишгийг дүрмэндээ зааж өгөөд, нэвтрүүлээд, хэвшүүлээд явж байна. Энэ хэд нь хамтраад ажиллахаас гадна, бие биедээ хяналт тавьж ажиллаж болж байна. Төрийн өмчийг буруу гараар оруулахгүй, компанийн эзний эрх ашгийг хамгаалж ажиллаад эхэлжээ. 100 хувь Нийслэлийн өмчийн компани ингэж салхи хагалан ажиллаж болж байхад хувийн хэвшил 34 хувийг нь авчихаад байгаа компани дээр түлхээд, цаашаа, та хэд хэрэггүй ээ гэх нь ямар учиртай юм бэ? Ойлгох, ухаарах аргагүй ээ.

Болсон явдлыг шүүн тунгааж, тодорхой дүгнэлтээ хийж, оройтойгүй байгаа дээр алдаагаа засах боломж та бүхний гарт байна. Бид нээлттэй, ил тод, шудрага компанийн засаглалыг нэвтрүүлж, улстөрөөс бизнесийг ангид байлгах энэ үйлсээ зогсоохгүй ээ. Амжилт, үр дүн гартал явна.

Монгол Улсын Ерөнхий Сайдаа, үүгээр тодорхой хэдэн шийдлийг хүргүүлж байгааг хүлээн авна уу?

  1. Бүх төрийн өмчийн компанийн ТУЗ-д хараат бусаар нэр дэвшүүлэх процессыг нээлттэй зарчмаар явуулдаг болох. Олон улсын хараат бус гишүүдийг сонгон шалгаруулдаг жишгийг мөрдлөг болгох. СЗХ-ноос зарласан компанийн сайн засаглалын жишгийг барьж ажиллах.
  2. Сангийн Сайдын удирдамжаар бус, харин холбогдох хуулийн дагуу хараат бусаар ажиллах боломжийг ТУЗ-д олгох. Үүрэг, хариуцлагын тогтолцоог тунгалаг, ойлгомжтой болгох.
  3. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах ажлыг төрийн болон хувийн гэж ялгаварлалгүй яаралтай эхлүүлэх. Жижиг хувьцаа эзэмшигчид эрхээ хамгаалах, ТУЗ-д ордог болгох. Гомдол гаргаж, асуудлаа шийдвэрлүүлэх механизмыг бүрдүүлэх.
  4. Төрийн төлөөллийг хэрэгжүүлэхдээ заавал төрийн албан хаагч, улстөрч байх ёстой гэдэг завхарсан ойлголтоосоо салж, компанийн ТУЗ-д ажиллах зохих мэдлэг, туршлагатай, шудрага иргэнээ томилж ажиллуулдаг болох. Иргэндээ, хувийн хэвшилдээ, баялаг бүтээгчиддээ Төр нь итгэл өгөх цаг нэгэнт ирсэнбайна.

Асуудлаа эрхэлсэн Сайд нь зав боломж муутай, уулзах цаг өгч, захидалд хариу өгөөгүй тул Танд шууд хандаж зүрхэлсэн, бизнес эрхлэгч, татвар төлөгч, ажил олгогч, Монгол Улсын иргэн, 

Хутагт овгийн Чулууны Ганхуяг.

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр,

Улаанбаатар хот.