Улсын их хурал

Улстөрийн намууд СЕХ-д шаардлага хүргүүллээ

А.Сэвжид
2016-06-29 06:10

Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд сонгуулийн санал хураалтын үеэр хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх техникийн тооллогыг хийлгэх талаар шаардлагыг сонгуульд оролцож буй улстөрийн намууд хүргүүллээ.

Уг мэдэгдэлд: 

Сонгуулийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.10-т Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэлх хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн төлөөлөл оролцоно гэж хуульчилсан. Мөн танай 2016 оны  06 21 172-р тогтоолоор баталсан техникийн тооллого хийх журмын 1.2-т санал хураалт дууссаны дараа сум, дүүрэг, хэсгийн санал авах байруудаас санамсаргүй сонголтын аргаар 50 хүртэлх хувьд техникийн тооллого хийх тухай нэн ойлгомжтой тусгасан байна. Дээрх хууль, журмын зохицуулалт нь сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч, сонгогчийн зүгээс санал авах төхөөрөмжид үл итгэх эргэлзээг тайлах сонгогчийн өгсөн санал үнэн зөв тоологдох нөхцөлийг хангуулсан гэж бид талархан үзэж авсан.

Гэтэл зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хороодын даргад техникийн тооллогыг санал авах байруудын 10-20 хувьд нь хий гэсэн үүрэг чиглэлийг өгсөн гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Сонгуульд оролцож байгаа улстөрийн нам, эвслийн төлөөлөл бид дээрх үүрэг чиглэлийг сонгуулийн дүнг будлиантуулах үнэнээс зугтах оролдлого гэж үзэж буйгаас гадна АН-ын зүгээс санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийг урьдчилан ашигтай байдлаар тохируулж төрийн эрх мэдлийг авах гэсэн хууль бус гэмт үйлдлээ нуун далдлах гэсэн үйлдэл гэж хардаж байна. Тиймд бид улстөрийн нам, эвслийн төлөөлөл төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авах, сонгуулийн төв байгууллагын журамд зааснаар хэсгүүдийн санал авах байруудаас санамсаргүй сонголтын аргаар 50 хүртэлх хувийг сонгож техникийн тооллого хийх боломжийг хангуулах  талаар сонгуулийн шат шатны байгууллагуудад үүрэг чиг өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаж байна" хэмээн дурджээ.

Уг шаардлагад  МАН, МКН, БНН, МАХН, ЭЧХН, МСДН, ИХН, ИЗНН Тусгаар тогтнол-Эв нэгдэл гэсэн нам эвслүүд нэгдээд байгаа юм.