Монгол улс 2016 онд урсгал зардлыг бууруулах ямар арга хэмжээ авах вэ ?
Энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэхүү хуулийн төсөлд төсвийн урсгал зардлыг оновчтой, үр ашигтай болгох, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхтэй холбогдон өсөн нэмэгдэж буй хэрэгцээг төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэхээр хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан байна.
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ
Төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой тодорхойлж санхүүжүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, цомхон бүтэцтэй байлгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, зардал хэмнэх зарчим баримтлан 3 чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийх саналыг боловсруулан 2016 оны төсвийн төсөлд тусгажээ
.
Энэ өөрчлөлтийн үр дүнд 2016 онд төрийн албаны давхардсан чиг үүргийг үе шаттай бууруулж, төрийн албан хаагчийн орон тоог 3054-өөр цөөрүүлж, урсгал зардлыг 50.3 тэрбум төгрөгөөр бууруулах юм байна
.
1. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд хийх бүтцийн өөрчлөлт
Засгийн газрыг цомхон, чадварлаг бүтэцтэйгээр тогтвортой үйл ажиллагаа явуулах чиглэлийг баримтлан 2016 оны 8-р сарын 1-ээс эхлэн Ерөнхий сайдаас гадна 9 яамтай үйл ажиллагаа явуулахаар тооцсон байна
. Яамдын хувьд одоогийн Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамнууд нэгдэн шинээр Хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамд нэгдэн шинээр Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам нэртэйгээр тус тус зохион байгуулалтад орж ажиллах, тэдгээрийн харьяа агентлаг, төсөвт байгууллагуудыг зорилго, чиг үүргийг харгалзан нэгтгэн зохион байгуулах арга хэмжээг авахаар тооцжээ.
Яамдад хийх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн үр дүнд 2016 онд орон тоо 454-аар буурч 1.6 тэрбум төгрөг хэмнэх бололцоо бүрдэх ажээ.
2. Засгийн газрын агентлагуудын бүтцэд хийх өөрчлөлт
Засгийн газрын агентлагуудын чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын уялдааг хангах илүү оновчтой механизмыг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 8 агентлаг, УИХ-ын харьяаны 1 байгууллагыг нэгтгэх, зарим агентлагийг татан буулгаж чиг үүргийг нь холбогдох яамд, бусад агентлагт шилжүүлэх замаар агентлагийн тоог 6-аар бууруулах боломжтой
болох ажээ.
3. Төсвийн бусад байгууллагад хийх бүтцийн өөрчлөлт
Төрийн байгууллагуудын бүтцийг цомхон, чиг үүргийн давхардалгүй зохион байгуулах, зарим чиг үүргийг ТББ, хувийн хэвшлээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, урсгал зардлыг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх чиглэлийг баримтлан төсвийн зарим байгууллагад хийх бүтцийн өөрчлөлтийг 2016 оны төсвийн төсөлд тусгасан байна.
ТӨРИЙН ЗАРИМ АЛБАН ХААГЧДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ
Төсвийн орлогод тулгамдаж буй хүндрэлийг даван туулах, бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг мөрдүүлэх зорилгоор төрийн улс төрийн, төрийн өндөр болон бүх шатны шүүгчид, төрийн захиргааны албан хаагчидтай холбоотой зарим зардлыг тэвчиж хэмнэх чиглэлээр дараах арга хэмжээг 2016 оны төсвийн жилд хэрэгжүүлэхээр тооцож төсөлд тусгасан байна.
Үүнд:
- Төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтан, бүх шатны шүүгчид, яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, дэд дарга нарын цалин хөлсийг 30 хувиар /холбоотой мэдээллийг эндээс үзнэ үү /, төрийн захиргааны албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулахаар тооцсон
- Яамны дэд сайдын орон тоог цомхотгох, үүнтэй холбогдуулан туслах, жолоочийн орон тооны цалин, гар утас, шатахууны зардлыг хэмнэхээр тооцсон
- УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгчийн орон тоог тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд нэгээр, жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хувьд хоёроор цомхотгоно
- Яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг албан тушаалын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн дуудлагын унаагаар үйлчлүүлэх, эсвэл унааны нормативт зардлыг сар тутамд олгодог байх журамд шилжинэ
Харин эмч, багш нар болон бусад төрийн үйлчилгээний албан хаагч нар болон цагдаагийн алба, хил хамгаалах болон батлан хамгаалах салбарын төрийн тусгай албан хаагчдын цалин хөлсийг бууруулахгүй байх зарчмыг баримталж байна
.
-
203.194.114.*
Зочин
2015-10-07 17:25
Shuugch nar arai dendenee.tetgevert garahaar toriin albaniihan 3 jiliin tsalin avdag ym bna lee.Eniig boliulaach.Sohorch untal ard tumnee tejeej ajillaa.Huviinhan bid nariig uls ch toodoggui shde.0 0 Хариулах