С.Одонтуяа 'Барилга нь нурах гэж байна гээд байгууллагыг нурааж болохгүй'
Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах болсонтой холбогдуулан иргэд жагсаал хийж, эсэргүүцээд байгаа. Энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Одонтуяа ямар байр суурьтай байгаа талаараа өөрийн фэйсбүүк хуудаснаа ингэж бичжээ.
Хүүхдийн урлан бүтээх төвийн гадаад өвлийн хүйтэнд хүүхдүүд жагсаж байна. “Барилга нь нурах гэж байна гээд Байгууллагыг нь нурааж болохгүй!”
Хүүхдүүд юуны төлөө жагсаж байгаа юм бэ? Тэд улс төр хийж байгаа юм болов уу? Үгүй ээ! Тэд зөвхөн сурч боловсрох гэж, хичээл дээр заадаггүй чадваруудыг эзэмших гэж, тэрийг нь олгодог Монголын хэмжээнд анхны, цогцолбор сургалтын, зориулалтын байртайгаа үлдэхийн тулд жагсаж байна. Тэдэнд, 6 дүүргийн 1400 хүүхдэд байр л хэрэгтэй.
Учир нь юу байв? Хүүхдийн урлан бүтээх төв нь олон жилийн түүхтэй, олон хүүхдийг олон зүйлд сургасан газар.
Энэ барилгын хувьд мэргэжлийн хяналтын байгууллагаас нурах магадлалтай гэж акт тавигдсан байна. Намайг хүүхэд байхад Монголын пионерийн ордон гэж байхад ч буулгах нь зүйтэй гэж яригддаг байсан. Мэргэжлийн байгууллагын шаардлага зөв. Нэгэнт барилга нурах нь тодорхой болсон бол тэнд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулаад байлгаж болохгүй.
Гэхдээ барилга нь нурах гэж байна гээд байгууллагыг нь бас нурааж болохгүй! Тэгэхээр яах ёстой вэ? гол нь хүүхдийн эрхийг хохироохгүй байдлаар зөв шийдлийг олох ёстой
.
1. Хуучин орон сууцыг нурааж оронд нь шинийг барихдаа эхлээд тухайн айлуудынх нь орон сууцны асуудлыг бүрэн шийддэг журамтай. Ийм учраас одоо байгаа барилгын өнөөдрийн сургалтын орчин, төвшинг бууруулахгүйгээр тухайн газар дээр шинээр баригдах барилгад тусгаж өгөх
2. Өнөөдрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр өөр байранд түр шилжүүлэлт хийж сургалт хичээлүүдийг үргэлжлүүлэн явуулах,зэргээр хүүхдийн эрхийг хөсөрдүүлэхгүйгээр шийдэх боломж байгаа гэдэгт итгэж байна. Миний хувьд энэ асуудалд нухацтай, идэвхтэй, эцсийн зөв үр дүнд хүртэл нь ажиллах болно.
Жич: Сүүлийн үед нийслэлийн удирдлагууд газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалах болсон нь зөв зүйтэй ажил гэж үзэж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг барилгачдын талбай дээрх ССАЖ яамны хуучин барилгыг дуудлага худалдаагаар худалдахдаа бүх хөрөнгийг хүүхдийн эмнэлэгийн засварт оруулах нөхцөлтэйгээр 10 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж зориулалтаар нь шийдсэн. Мөн дүүрэг бүрт Хүүхэд хөгжлийн ордонг төлөвлөж барьж байгаа нь сайшаалтай.
-
59.153.112.*
Зочин
2015-12-09 17:36
ЗӨВ ШҮҮ0 0 Хариулах