Нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 33-38 хэм хүртэл хална

А.Сэвжид
2016-07-04 02:23

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар 33-38 хэм хүрч, халах төлөвтэй байна хэмээн Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Энэ сарын 5,6-нд зарим газраар түр зуурын бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 8-нд баруун аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус,  Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 33-38 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

Иймд ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс бага насны хүүхдүүд, өндөр настан, даралт өндөртэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүдийг өдрийн халуун наранд гарахгүй байх, мөн наршихаас сэргийлэхийг анхаарууллаа.