Улсын их хурал

Н.Энхбаярын талаар АН-ын дарга ийм тайлбар өглөө

А.Сэвжид
2016-05-30 01:32

УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд бараалхав.

Харин энэ үеэр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдорметын “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигалын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” гэсэн асуултад УИХ-ын дарга З.Энхболд дараах хариултыг өгсөн нь анхаарал татлаа.

Тэрээр "Энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа.

Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна" гэж хариулжээ.

Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Н.Энхболд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.