Нийгэм

Гурван сая ам.долларын санхүүжилттэй төслийн нээлт боллоо

Bolor Rose
2016-05-25 02:47

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Азийн Хөгжлийн Банк, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлэх “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн нээлтийн арга хэмжээ боллоо.

Орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нутгийн ард иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэн, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилготой энэхүү төсөл нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг ард иргэд, малчдын амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн асуудлуудыг нэгдсэн байдлаар авч үзэх анхны төсөл аж.Тус төсөл нийт 3 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн 5 суманд 2016-2019 онд хэрэгжинэ.

Төслийн нээлтэнд Азийн хөгжлийн банк, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Зам тээврийн яамны Далайн захиргаа, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, сумын төлөөлөл, Хатгал тосгоны албаны хүмүүс болон малчид, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, жижиг үйлдвэрлэгчид болон энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөл зэрэг уг төслийг хариуцан хэрэгжүүлэх, төслийн үр шим хүртэгчдийн төлөөлөл болох нийт 80 орчим иргэд оролцлоо. Энэ үеэр төслийн зорилго, үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж төрийн болон төрийн бус байгууллага, малчид, нутгийн иргэдийн санал бодлыг сонсч цаашид авах арга хэмжээндээ тусгахаар боллоо.