Нийгэм

Сайн мэдээ: Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бохирын шугамыг барьж эхэллээ

Bolor Rose
2016-05-24 01:55

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлийг 8 дэд төвтэй байхаар төлөвлөсөн бөгөөд Баянхошуу, Долоон буудал орчим эхний ээлжийн дэд төвүүдийг байгуулахаар нийслэлийн ЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа юм.

Долоон буудал орчим буюу Чингэлтэй дүүргийн 14,18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 156 га талбайг дахин төлөвлөж Сэлбэ дэд төв, СХД-ийн 7,8,9,10,28 дугаар хорооны нийт 162 га талбайг дахин төлөвлөн Баянхошуу дэд төв болгон хөгжүүлнэ. Эдгээр дэд төвүүдэд ойролцоогоор 200 мянган иргэн оршин суух боломжтой байхаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажил  2014 оноос эхэлсэн.

Хотын дэд төвүүдэд сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээний цогцолбор, соёлын төв зэргийг цогцоор нь барихаас гадна, автозам, явган зам, тохижилт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж барина.

Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14-р хороо болон  Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд  иргэдийг түр суурьшуулах зориулалттай 50 айлын 2 орон сууцыг нийслэлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан бол өнөөдөр инженерийн дэд бүтцийн хамгийн эхний ажил болох бохирын шугамыг барьж эхлүүллээ.    

Энэхүү ажлыг Европын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжүүлсэн бөгөөд Баяхошуу дэд төвд  тавих бохирын гол шугам нь СХД-ийн 4,5,7,18,26 дугаар хороо буюу Баянхошууны тойргийн уулзвараас Таван шар, Мах импексийн уулзвар хүртэл 6,3 км үргэлжлэх юм. Харин Сэлбэ дэд төвийн бохирын гол шугам нь  Долоон буудлын эцсээс 17-р сургуулийн уулзвар хүртэл буюу Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны нутаг дэвсгэрээр нийт 2,1 км үргэлжилнэ.  Дэд төвүүдийн бохирын гол шугамын ажлыг энэ оны 11 сарын 30-нд дуусгахаар төлөвлөжээ.