Засгийн газар

“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсан иргэнд 10 сая төгрөгийн зээл олгоно

А.Сэвжид
2016-05-10 07:00

Инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх зээлийн ерөнхий журмыг баталлаа.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай амины орон сууцанд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй  зэрэг хялбаршуулсан барилгын норм, дүрэм, гадна талбайн тохижилт, бие даасан инженерийн дэд бүтцийн техник технологийн стандартыг холбоглох хууль, тогтоомжийн дагуу батлуулж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.

Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлнэ.

Хөтөлбөрт хамрагдах иргэн эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Айл өрхүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн дээд хэмжээг арван сая төгрөг хүртэл, зээлийн хугацааг таван жил байхаар тусгажээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн 50 хувийг төсөвт тусгах замаар улсын болон орон нутгийн төсвөөс хариуцан төлнө.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зорилтот бүлэг, хэсгийн өрх айлууд бие даасан инженерийн дэд бүтэцтэй болж, амьдрах нөхцөл сайжрахаас гадна орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.